Өчигдөр дахин хоёр нярай нас барлаа
2010-01-22 17:38
Эрүүл мэндээ алдсан бол бүгдийг алдсанд тооц хэмээх хатухан үг бий. Гэтэл өнөөдөр манай улсад эхийн хэвлийд хэвийн бойжсон ураг мэндлэсэн хойноо эмнэлгийн ариун цэврийн шаардлага хангаагүй, тоног төхөөрөмжийн хэрэгслийн дутмагаас шалтгаалан эндсээр байна. Үүний хамгийн ойрын жишээ бол Нийслэл төдийгүй улсын хэмжээний төрөлтийн дийлэнхийг үүрдэг Нэгдүгээр амаржих газарт гарсан хүйн халдвар юм. Нэгдүгээр амаржих газар 240 ортой, хоногт 25-40 шинэ хүн хүлээж авдаг. Гэтэл ийм хэмжээний эмнэлгийн бохирын шугам бөглөрч бүр хальсан байх юм. Харин эмнэлгийн удирдлагууд үүнд цаг алдалгүй арга хэмжээ авч чадаагүй байна. Чухам энэ учир шалтгааны улмаас эмнэлгийн дарга С.Пүрэвсүхийг халах шийдвэр гараад байна.
Эрүүл мэндийн салбар ингэхэд юу болоод байна вэ. Энд Монгол хүний амь нас яригдаж байна шүү дээ. Нэгдүгээр амаржих газраас Халдварт өвчин судлалын төв рүү явуулсан шинжилгээний хариу урьдчилсан байдлаар гарчээ. Шинжилгээгээр клебсиелла хэмээх хоруу чанартай нян илэрсэн байна. Энэхүү нян нь нялхсын хүй, уушгийг үрэвсүүлдэг бөгөөд халдвар авсан тохиоддолд нярайн нас баралтад шууд нөлөөлдөг байна. Өвчний эх үүсвэр юу байсан нь одоогоор тогтоогдоогүй байгаа аж.
Эмнэлгийн бохирын хоолой бөглөрч, олон жил цэвэрлээгүйн улмаас лаг үүссэн нь халдвар гарахад
нөлөөлсөн байх магадлалтай. Мөн агаар болон ахуйн замаар халдвар гарсан ч байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм байна.
Уг амаржих газар дотоод шугам сүлжээгээ олон жил цэвэрлээгүйгээс лаг үүсч, халих тохиолдол өмнө нь удаа дараа гарч байжээ. Нийт найман нярай халдвараар өвчилсөн ч тэднээс гадна 12 хүүхдийг мөн өвчилсөн байж болзошгүй хэмээн тусгаарлан эмчилгээ хийж байна. Халдвартай хүүхдүүдийг дараагийн шатны эмнэлэг болох Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд шилжүүлжээ. Учир нь өвчин үүсгэсэн байж болох бохирын лагийг бүрэн цэвэрлэхийн тулд эхний ээлжинд эмнэлгээ чөлөөлөх хэрэгтэй юм байна.
Зөвхөн бохирын шугам төдийгүй тус амаржих газрыг бүрэн цэвэрлэж, ариутгал хийсний дараа дахин шинжлүүлж, үр дүн нь хэвийн гарсан тохиолдолд эмнэлэг үйл ажиллагаагаа явуулахаар болсон.
Өвчилсөн хүүхдүүдийн биеийн байдал дээрдсэн боловч зарим нь хүндхэн байгааг эх сурвалж мэдэгдэв. Дээрх нян хүний бүх эд эрхтнийг гэмтээдэг байна. Зөвхөн нярайд биш сул биетэй хүмүүс, ахмадуудад тусдаг. Хүндэрвэл хүйн халдвар зүрхний цусан хангамжийг муутгаж, менингет, суулгалт гэх зэрэг өвчин болох магадлалтай гэнэ. Энэ нь нэг ёсондоо цусан үжил юм. Тиймээс нярайд хүндээр тусдаг аж.
Холбогдох хүмүүс одоо бид шаардлагатай эм тариаг хангалттай хийж байна. Ямар антибиотект мэдрэг мэдрэг байна гэдгийг нь ч шинжлүүлэхээр өгсөн гэж ярьж байлаа. Эмнэлгийн хонгилд байдаг бохирын хоолойд ариутгал хийсэн байв. Амаржих газрын цахилгаан шат бохирын шугамын дэргэд байдаг тул эмч нарын хөлд гишгэгдэн халдвар тархсан байж болзошгүй гэсэн таамгыг зарим мэргэжилтнүүд хэлж байгаа юм.
Харамсалтай нь энэ халдвараас болж уг амаржих газарт мэндлэсэн нэг нярай амиа алдсан билээ. Гэтэл өчигдөр дахин хоёр нярай нас барлаа. Мөн хэзээ мөдгүй төрөх дөхсөн тулгар эхчүүд баахан зардал чирэгдэл, явдал суудал болж хувийн болон бусад амаржих газрууд руу шилжсэн. Үүний дагуу II амаржих газарт нөхцөл байдал ямар байгааг тодруулсан юм. Нэгдүгээр амаржих газарт харьяалагддаг Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны жирэмсэн эхчүүдийг бүгдийг нь эднийд шилжүүлсэн байна. Жирийн үед өөр эмнэлгээс хүн нэмж авах нь байтугай ачааллаа дийлдэггүй 75 ортой тус эмнэлгээр өчигдрийн байдлаар 120 гаруй эх үйлчлүүлж байв. Уг нь эрүүл мэнд тухайн улс орны хамгийн анхаарууштай агаад хариуцлагатай, эмзэг салбар байдаг.
Харин манайд бол эсрэгээрээ байх шиг. Эмнэлгүүдийн барилга нь гэхэд тэртээ хагас зуун жил хол илүү давах цаг хугацааг элээсэн Орос ах нарын туслалцаа дэмжлэгээр баригдсан хэтэрхий “хөгширсөн” барилгуудыг ашигласаар. Тэднийг мөөгөнцөртөж, дээврээс нь борооны ус гоожоод ирэхийн цагт аргагүйн эрхэнд түр аргацаах хэмжээний засвар хийсэн болоод өнгөрдөг. Эдгээр барилга шинэ хүн хүлээн авч, өвчтөн тойглох нь битгий хэл хэзээ мөд нурж унахад бэлэн байх шиг. Харин хэрэглэж буй тоног төхөөрөмжийн тухайд ихэнх нь орчин үеийн анагаах ухааны салбарын хөгжлөөс 50 шахам жилээр хоцорсон байдаг хэмээн мэргэжилтнүүд халаглах юм билээ. Шинэчлэл хийх санаа байвч мөнгөгүйн зовлон үргэлж дагаастай. Дээрээс нь хэн нэг нь амь насаа алдахгүй л бол яаж зовж байсан ч шүд зуун хэрэггүй тэвчээр гаргадаг гүндүүгүй монголчуудын хэнэггүй зан эрүүл мэндийн салбарыг урагшаа ч үгүй хойшоо ч үгүй тушчихаад байна. Бусад эмнэлгүүдээ бардаггүй юмаа гэхэд эхний ээлжинд шинэ иргэнээ тохьтойхон угтдаг болмоор байна.
Хэдэн жилийн өмнөөс яригдсан IV амаржих газар хэзээ босохыг хэлж мэдэх хүн өнөөдөр алга. IV амаржих газар байгуулахад зориулан Засгийн газраас хоёр тэрбум төгрөг төсөвлөнө. Мөн Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хашаанд барихаар газар олголоо гэх сураг дуулдсаар удаж байна. Тус амаржих газар 300 ортой байна хэмээсэн. Энэ тухай бодит мэдээлэл авахаар Эрүүл мэндийн яаман дээр очиход тэрнээс асуу энэнээс асуу, гадуур дотуур ажилтай гээд хэн ч ам ангайсангүй. Нийслэлийн эрүүл мэндийн газраас лавлахад үүнийг мэдэх хүн нь гадуур ажилтай эмнэлгүүдээр явж байгаа гээд бас л таг. Тэд хүйн халдвараар нэгэн нярай амиа алдсаныг сонсоод гэнэт л эмнэлгүүдээр явж бодит байдалтай танилцдаг завгүй хүмүүс болчих юм.
Сүүлийн жилүүдэд бэл бэнчингээр арай дөнгүүр эхчүүд эх орондоо бус харийн нутгийг зорьж амарждаг явдал газар аваад байгаа аж. Аргаггүй шүү дээ Монгол хүн хэмээн овоглуулж эх орондоо санаа зовних зүйлгүйгээр амаржих гэхээр ямар ч баталгаа алга. Жилд дунджаар 40 орчим эх гадаадад нярайлдаг гэсэн тоо байх юм билээ.
Өнөөдрийн байдлаар бид шинэ иргэдээ тун зутруухан амь насанд нь халтай байдлаар угтаж байна. Эрүүл таатай орчинд шинэ хүнээ угтана тэдэг ирээдүйн эрүүл Монгол иргэнийг бэлтгэж байна гэсэн үг.
Т.Сэлэнгэ
Нярайн халдвараар гурван хүүхэд нас бараад байна
Нярайн халдвар өвчнөөр өчигдөр дахин нэг хүүхэд нас барлаа. Нэгдүгээр амаржих газрын шинэ дарга Д.Энхбаяраас энэ талаар тодруулсан юм.
-Нярайн халдвараар дахин нэг хүүхэд нас барсан мэдээлэл ирлээ. Энэ үнэн үү?
-Өнөөдөр нэг хүүхэд нас барсан. Нярайн халдвар гарснаас хойш гурван хүүхэд эндээд байна.
-Та амаржих газрын даргаар томилогдоод ямар арга хэмжээ аваад байна вэ?
-Өнөөдөр /өчигдөр/-өөс хэвтэн эмчлүүлж байсан хүүхэд, эмэгтэйчүүдийг харьяаллынх нь дагуу хуваарилаад эмнэлгүүд рүү шилжүүлсэн. Хүндрэлтэй байсан дөрвөн хүүхдийг Эх нялхсын эрдэм шинжилгээний төв рүү шилжүүлээд байна. Хоёр нь сэхээний тасагт, хоёр нь нярайн тасагт хэвтэж байгаа. Одоо манай эмнэлэгт 12 хүүхэд эмчлүүлж байгаа. Эдгээр хүүхдүүдийг маргааш/ өнөөдөр/ Эх нялхсын эрдэм шинжилгээний төв рүү шилжүүлнэ. Тэгэхлээр манай эмнэлэгт нэг ч өвчтөн үлдэхгүй. Тийм учраас эмнэлгийн хэвийн үйл ажиллагааг хангах бүхий л арга хэмжээг авах үлдэж байна.
-Яг ямар арга хэмжээ вэ? Урьдчилсан байдлаар бохирын шугам бөглөрснөөс нярайн халдвар гарсан гэсэн?
-Тийм ээ. Бохирын шугам бөглөрөөд байгаа, 80 метр лагийг цэвэрлэх хэрэгтэй болсон. Нярайн халдвар өвчин юунаас болж гарсан талаарх эцсийн дүгнэлт гараагүй учраас одоогоор тэрнээс болсон гэж хэлэх боломжгүй байна. Хамгийн гол нь эмнэлгийг хэвийн үйл ажиллагаанд оруулах хэрэгтэй байна.
Ш.Адима Sonin.mn


Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих