Чапи Би хүний хувцас өмсмөөргүй байна
Элэглэлийн төрлөөр уран бүтээл хийдэг цөөн хэдэн жүжигчдийн нэг Ө.Ихбаяр буюу Чапитай ярилцлаа. -Чарл Чаплинтай адилхан болохоор чинь Чапи гэж дууддаг болсон гэл үү? -Тийм л байх. Нэг мэдсэн чинь энэ миний жинхэнэ нэр шиг болсон байна. XХ зууны дуугүй киноны мастер Чаплин бол домог шүү дээ. Тэгвэл түүхэнд дуугүй киногоороо мөнхрөн үлдсэн энэ агуу хүн яагаад дуугарч болохгүй гэж. Чапи гэдэг маань Азийн монголд дуутай Чаплин гарч ирлээ гэсэн санаа юм л даа. -Та "Тэнгэрийн бүсгүй" дуун дээр гардаг бүсгүй шиг хүнтэй гэрлэнэ гэж байсан. Олсон уу?
-Үгүй ээ. Гэхдээ надад хань ижил хайгаад явах цаг, зав алга. Одоо би хэнтэй ч суух билээ. Нийгмийг харж байгаа биз. "За энэ л гайгүй бүсгүй юм даа" гээд харахаар нөгөөдөх нь хоёр, гурван амьдрал үзчихсэн, хүүхэдтэй байх жишээтэй. Би нэг л удаа амьдрах учраас хүний хуучин хувцас өмсмөөргүй байна. Хуучин юм хэрэглэнэ гэдэг хэцүү. Ямартай ч хувь тавилан минь намайг хэнтэй суу гэсэн юм бүү мэд, тэгж байгаад энэ асуудал шийдэгдэх байлгүй дээ. Та нар санаа зовох хэрэггүй.
-Чапи, Суурь хоёр хамтлаг уу, хамтарсан уран бүтээлчид үү?
-Бид 2001 оноос хамтран уран бүтээлээ хийж эхэлсэн. Энэ хугацаанд ямар ч гэсэн зүгээр суусангүй. Олон ч хүн элэглэлээ. "Д.Түмэндэмбэрэл агсан байсан бол ингэж дуулах байлаа. Д.Цогзолмаа гуай ингэж дуулж байна" гэх мэт нэг талаараа хүмүүсийг мартагдуулахгүйн тулд элэглэлийн урлаг маань явж байна. Суурь бид хоёр чөлөөт уран бүтээлч. Ямар нэгэн продакшн ч юм уу, байгууллагад хамаарагддаггүй. Бид өөрсдийнхөө санаа бодлоороо нэгдэж, бор зүрхээрээ уран бүтээлээ хийж яваа. Биднийг Батсуурийн батсайхан суурин дээр суурилсан Ихбаяр баясгалан гэж ойлгож болно.
-Чөлөөт уран бүтээлчдийн хувьд бэрхшээл хэр байна вэ?
-Бэрхшээлгүй зүйл гэж байхгүй шүү дээ. Тоочоод байвал олон. Гэхдээ ямар нэгэн асуудлыг хамтдаа даван туулахын тулд нэг санаа, бодолтой зүтгэж байна. Бид хийж байгаа зүйлдээ сэтгэл ханамжтайгаар "Бид тэгж чадсан шүү", "Тэгж чадах ёстой" гэж тэмүүлж явна. Түүнээс биш "энэ болохгүй, ингэхгүй, тэгэхгүй байна" гэж сэтгэл гудайх хүмүүс биш. Өөрөө өөрийгөө хурцалж, дайчилж явбал бүтэхгүй зүйл байхгүй болов уу гэж боддог.
-Тэгвэл 10 жилийн дараа Чапи юу хийгээд явж байх бол. Элэглэлийн төрөлдөө үнэнч байх уу?
-Би үүнээс өөр юу хийх вэ дээ. Гэхдээ би хэр удаан амьдрахаа хэлж мэдэхгүй байна. Хүний амьдралд юу ч тохиолдож магадгүй. Онгоцоор нисч байгаад дэлбэрээд үхэх ч юм уу, хэн ч мэдэхгүй. Тэгэхлээр ирээдүйг хүн төсөөлөх албагүй. Миний хувьд байгаа орчиндоо л амьдрах дуртай. Миний хөлс хүчээ шингээсэн уран бүтээл маань намайг нас барсны дараа ядаж таван жил хүн мартахааргүй амьдраасай гэж л зүтгэж явна.
-Та од мөн үү?
-Үгүй ээ. Монголд ямар ч од байхгүй. Энэ бол хийсвэр ойлголт. Сая Америкийн хөгжмийн авардсаас "Дэлхийн хүн" гэсэн шагналыг Майкл Жексон гурав дахь удаа авлаа. Тэр агуу гүрэн хэн нэгнийг од гэж ярьдаггүй. Тэр хүн уран бүтээлээрээ л өөрийнхөө хөшөөг босгож чадсан учраас дэлхийн хүн төрөлхтөн хайртай байдаг. Миний хувьд од болж, хөөрчхөөгүй өөрийнхөөрөө л амьдарч байна. Би одоо таван давхрын 512 гэсэн өрөөнд сууж байна. Өнөөдөр паартай байшиндаа ямар ч байсан хүнээс хоол гуйгаад явахгүй, хөлдөөд үхэхгүй амьдарч байгаа нь миний буян. Сүүлийн үед өглөө босоод ирэхэд л нэг хамтлаг төрж байна. Энэ буруу зүйл биш. Тэдний дунд өрсөлдөөн бий болно. Тэндээс хэн нь хэн бэ гэдэг нь шигшигдэнэ шүү дээ. Түүнээс биш од гэж ярьж, өөрсдийгөө ойлгож болохгүй л дээ.
-Гэхдээ олны танил хүн байна гэдэг сайхан биз?
-Бид магадгүй жаахан ч гэсэн хийсэн зүйлтэй учраас гудамжинд хүмүүс таараад "Чапи, Суурь явж байна" гээд мэндлэх жишээтэй. Энэ бол бидний уран бүтээлийн үнэлэмж л юм даа. Сайхан байлгүй яахав. Түүнээс л бид уран бүтээлийн урам зориг авч тэжээгддэг шүү дээ.
-Та магтаалыг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Би ер нь магтуулах дургүй. Угаасаа олигтой сайхан юм хийсэн ч биш. Өөрийнхөө хэмжээнд л явж байна. Магтуулснаас муулуулсан нь хамаагүй дээр. "Даравч далдайна булавч бултайна" гэдэг үг байдаг. Магтуулсаар байгаад мангар тэнэг л болно биз дээ. Хүмүүс "Тэр чинь сайхан болсон, энэ их гоё" гэж ярьдаг. Үүнийг худлаа үг гэж боддог. Энэ баян компанийн захирлууд тэгж худлаа магтахынхаа оронд "За миний дүү нар сайхан юм бүтээ" гээд хөрөнгө оруулалт хийчих л дээ. Энэ бол жинхэнэ уран бүтээлийг ойлгож байгаагийн шинж шүү дээ.
-Та УИХ-ын гишүүдийг их элэглэдэг шүү дээ. Тэд үүнд хэрхэн ханддаг бол танд мэдэгддэг үү?
-Үйлдвэрлэгчид талх үйлдвэрлээд зардаг шүү дээ. Харин урлаг бол ард түмний өмч байдаг. Тэгэхлээр ард түмний өмчийг булааж аваад өөрийнхөө эрх ашигт нийцүүлээд байх юм бол тэр хүнийг ард түмэн хараан зүхнэ биз дээ. Тиймээс тэд урлагийг ойлгохгүй бухамдах ямар ч шаардлага байхгүй. Мөн тэдэнд үнэгүй сурталчилгаа хийж өгч байна. Элэглэсний хэмжээгээр нэр хүнд нь өсч байна. Тэгэхлээр энэ бол цэвэр уран бүтээл юм.
-СУИС-ийг төгсөөд хошин урлагт хөл тавьсан. Яагаад элэглэлийн төрөлд хүч сорих болов?
-Монголын хошин урлаг өөрөө их том айл. Түүнийг үгүйсгэх аргагүй. Монголд хошин урлаг хөгжсөнөөс хойш 20-иод жилийн нүүр үзэж байна. Хошин урлагаас салбарласан маш олон хамтлаг продакшнууд байна. Суурь бид хоёрын хувьд элэглэл гэсэн төрлийг зориглон барьж авсан. Элэглэлийн ололттой тал нь шүүмж юм даа. Бид ахуй, амьдрал тоглоод байхаасаа илүү нийгмийг шүүмжилдэг. Хошин урлагийн тоглолтууд ч гэсэн энэ тал дээр дуугардаг. Гэхдээ элэглэл илүүтэйгээр өөрсдийнх нь үйлдэл, хоолойгоор илэрхийлдэг учраас арай хүчтэй. Би анх Оросын Максим Галкин гэдэг жүжигчнийг хараад их гайхаж байлаа. Ганцаараа тайзан дээр гарч ирээд үргэлжилсэн өгүүлэл, онигоо элэглэлээр үзэгчдийг тасралтгүй инээлгэж байсан.
-Элэглэлийн төрөлд хөл тавиад найман жил болсон гэсэн. Энэ хугацаанд хэр үр дүнтэй ажиллав?
-Улс төрийн тоймч Б.Дашзэвэг, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, С.Ламбаа нарыг хүмүүс сайн мэднэ. Тэднийг бид элэглэснээс хойш ард түмний дунд нэр хүнд нь улам л өссөн. Илүү олон хүн таньдаг болсон. Энэ нь нэг талаараа үнэгүй зар сурталчилгаа байхгүй юу. Гэхдээ бидний уран бүтээлийг үзээд хүмүүст "Нээрээ тэгдэг шүү" гэсэн санаа сэдэл төрж, элэглүүлсэн хүмүүс маань эргээд өөрийнхөө алдааг засах ч юм уу, санаа зовдог байвал уран бүтээлийн маань үр дүн шүү дээ.
-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаасаа хуваалцахгүй юу?
-Бид хамтран Алиа Данзангийн нэрэмжит монголын элэглэгчдийн уран бүтээлийн нэгдэл байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Одоохондоо ажил дөнгөж эхэлж байна. Энэ урлаг маань монголд хэр хэмжээнд хөгжсөн билээ. Дэлхийд бол энэ урлаг бараг номер нэг болж байна. Оросын Максим Галкин байна. Германы нэг залуу гайхамшгийг үзүүлж, Геннисийн номонд бичигдлээ. Хоёулхнаа мөртлөө бүхэл бүтэн хоёр цагийн турш 60 мянган хүний суудалтай төв цэнгэлдэхэд тоглолт хийсэн байна. Үүний нээлтийн болон хаалтын ёслолын буудлага нь Бээжингийн олимпийн салютаас 1.3 дахин их байсан гэж байгаа. Мөн 60 мянган хүнийг хоёр цагийн турш инээлгэнэ гэдэг нь элэглэл бол агуу урлаг гэдгийг таниулж чадлаа. Тийм учраас бид ч яаж дутах вэ. Монголын элэглэгчид юу чаддаг, юм бэ гэдгийг харуулна. Элэглэгчид өнөөдөр дуулж, бүжиглэж, жүжиглэж, ярьж байна. Ямар ч байсан мэргэжлийн уран бүтээлчдийн баг бүрдүүлээд цагаан сарын өмнө тоглолт хийх санаа байна.
-Нийгэмд хошин урлагийг их шүүмжлэх болсон. Тэгвэл та бүхнийг хэрхэн хүлээж авах бол?
-Бүгдийг үгүйсгэж болохгүй л дээ. Нэгдүгээрт, хүмүүс хөдөлмөрлөж байна. Хөдөлмөр хийсэн хүн бусдын өмнө яагаад өргөс мэт буруутай харагдана гэж. Тэр шүүмжилж байгаа хүмүүст хандаад хэлэхэд энэ хүмүүсээс илүү их зүйл хийх боломж нь таны өмнө нээлттэй л байгаа шүү дээ. Тэгэхэд өнөөдөр яаж байна 20, 30 хүрчхээд ээж, аавынхаа тэтгэврийн мөнгөөр тэжээлгээд явж байгаа хүн олон байна. Чадаж, хийж байгаа зүйлийг хэзээ ч буруутгаж болохгүй. Нийгэм өөрөө хүсч байгаа учраас энэ хүмүүс хөдөлмөрлөөд байна. Бүр нүдэнд чинь хүйтэн хөндий харагдаад байвал үзэхээ л больчхоо ч дээ. Тэр нь шулуун биз дээ. Үзэн үзэн өөрийгөө ядрааж байхаар гэртээ хариад амар л даа.



Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих